2011-02-16
Монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас...

Монголчуудад хүнээр хүн хийж байсан арвин баялаг туршлага, уламжлал бий. Тэд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ ардын аман зохиолыг өргөн дэлгэр ашиглаж байжээ. Тухайлбал: үлгэр, тууль, зүйр үг (хүн ахтай, дээл захтай), цэцэн үг (хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно), түргэн хэллэг (хүрэл илүүр, болор соруул), жороо үг (бүргэдийн бүдүүн шувуу, шувууны шонхор галуу), мэтгэлцээн, дайралцаан гэж янз янзаар нэрлэдэг үгэн тулаан (хэн булхайцав хэлж өг ...), наадам үг, үгээр мохоох зугаа (урт нь уурга болдог, уртай нь аяга болдог) гэх зэргээр аман зохиолын төрөл зүйлийг ашиглаж хүүхэд багачуудын хэл яриаг зүгшрүүлж, урнаар өгүүлэх чадвартай болгож, хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж байсан уламжлал бий. Үүнээс гадна тоглоом наадгайг өргөн ашиглаж байсан. Ялангуяа нэг өвөрмөц зүйл бол монголчууд хүүхдийг хөлд орлоо гээд орхидоггүй аль болохоор хүүхдийг явган явуулж байснаар барахгүй хөл чангатай болгох олон тоглоом наадмаар тоглуулдаг байсан. Жишээлбэл, барилдаан, морь уралдах, цүү хаях, нуугдаж тоглох, алчуур хаях, чоно тарвага болох, цагаан тэмээ гэх мэт. Энэ удаад зөвхөн аман зохиолын тухай товч тайлбарлая. Хүүхдэд аливааг ойлгуулахдаа зүйр үг, цэцэн үгийг ихээр ашигладаг байсан нь хүүхдийн ёс суртахуунд асар үнэтэй, хүчтэй нөлөө үзүүлдэг байжээ. Өөрөөр хэлбэл цэцэлж , зүйрлэж хэлсэн үг хүний хэлэх гэсэн санааг бусдын сэтгэл зүрхэнд нь тустал хүргэж өгдөг ид шидийг агуулдаг гэж ойлгогдоно. Жишээ нь, хүүхдийг аргал түүгээд ир гэхэд жаахан дурамжхан байхад нь үглэж загнаж, хөөж туухын оронд “Залхуугийн гадаа түлшгүй , залгидгийн гэрт хоолгүй“ гэгч болох нь дээ гэхэд хүүхэд инээгээд л аргалдаа явна (Ийм явдлыг би өөрөө харж байсан юм). Хүүхэд ямарваа нэг юмыг хам хум хийж, хайш яйш хандахад “Бушуу туулай борвиндоо баастай“ гэж байдаг юм гэж хэлэхэд дараа нь хийх зүйлдээ аажуу, нямбай хандаж эхлэх л болно. Хичээл номоо үзэхгүй алгуурлаад байх хүүхдэд “Сурсан далай, сураагүй балай” гэдэг ч юмуу, “Эзэн хичээвэл заяа хичээнэ“ гэх мэтээр хэлэхэд сайн л үр дүн гарна. Гэхдээ хий дэмий цэцэрхсэн, оноогүй үг тусгүй гэдгийг санахад гэмгүй. Та хүүхдийг үнэн бөгөөд уран цэцэн үгээр хүмүүжүүлье гэж бодож л байвал өөрөө ихийг уншиж мэдэх хэрэгтэй. Амьдрал гэдэг үнэхээр аугаа багш. Та өөрөө алхам тутамдаа суралцах хэрэгтэй. Таны мэдээгүйг ч хүүхэд тань мэдэж ойлгосон байж болно. Та бүхэнд зориулан цаашид зүйр үг, цэцэн үг, сургаал үг, онч мэргэн үгсийг дэлгэрүүлэн хүргэх болно. Бид тодорхой тайлбар, зүүлт хийхийн дээр яаж ашиглах талаар ч санал бодлоо хэлнэ. Түүнийг хэрхэн хүлээж авах, яаж хэрэглэхийг эрхэм таны билиг оюун, сонголт мэдэх буйзаа. Хүн аливаа юмыг өөрийнхөөрөө ойлгож, өөрийнхөөрөө болгохыг эрмэлздэг. Заримдаа бүр өөрөө өөрөөсөө төөрөөд явчихдаг ч тал бий. Тийм учраас та сайтар тунгааж, өөрийнхөө сонголтоор ашиглаарай. Яагаад заавал аман зохиол ашиглах ёстой юм бэ? Тэрнээс ч илүү юм өнөөдөр зөндөө байна шүү дээ гэж бодож болох ч сургаал үгээр хүнийг хүмүүжүүлж ирсэн нь монголчууд бидний хувьд чухам үнэн гэдэгтэй хэн ч маргахгүй.
Сэтгэгдэл:


Монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас...
үнсэлт Болж бна баярлалаа
Бичсэн: Bm цаг: 17:30, 2011-02-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax