2011-02-16
Багын багшаа дурсахад

Багшийгаа сурагчид нь мартдаггүй. Магадгүй зориуд зорьж очин золгоод байх нь их биш байдаг байх гэхдээ л үргэлж санан дурсаж байдаг. Ангийнхан уулзахаараа ярьдаг нэг сэдэв бол багш нарын тухай. Саяхан мөн л бид хэдэн нөхөд ярилцаж суулаа. Тэгтэл нэг маань “би ёстой баларсан ш дээ, мартаж чадахгүй гомдол гэж байх юм хөөе” гэдэг юм. Тэгээд бид бол аль хэдийн мартаж орхисон санах ч үгүй байсан нэг явдлыг ярьлаа. Уран зохиолын хичээл дээр асуугдаж байтал багш нь фартукных нь энгэрийн хармаанаас үл ялиг цухуйх захиаг адтай нь аргагүй аваад явчихаж. Угаасаа нэг хуруугаараа чичлээд л, толгой уруу тоншоод л загнадаг хүн байсан юм тэгээд л харчихгүй юу. Ангийнхнаасаа ичээд болдогсон бол доод шалаа цөмлөөд орчихмоор л байж. Ядаж байхад тэр нь найз охинийх нь захиа байв. Багш нарын өрөөнд тэр захианы агуулгын тухай бөөн л яриа өрнөө биз. Манай ангийн нэг хүүгийн ээж гэртээ очоод энэ тухай ярьсан бололтой гэнэ, нөгөө хөвгүүн маргааш нь ирээд шоолоод ичээж өгнө биз дээ. Ядаж байхад багш эгч нь бас маргааш нь баахан загнасан гэж байгаа. Ингээд гэмгүй явсан өнөөх охин найз охин, багш хоёроосоо болоод хэдэн өдөр л шаналж дээ. Долдугаар анги хавьд байсан хэрэг юмуу даа. Шилжилтийн насандаа оччихсон ид л захиа занаа болж байсан үе л дээ. Хүүхэд юм чинь яахав дээ тэгэсхийгээд л мартаа. Саявтархан үе тэнгийн хэдэн багш нийлж аваад сувилалд ирж эмчлүүлжээ. Тэрэн дотор өнөө багш маань бас ирсэн байв. Гэр нь тэнд болохоор ангижав маань оройд нөхөртэйгээ цуг очоод л өнөө хэдтэй хамт байж хууч хөөрдөг байж л дээ. Гэтэл нэг орой ярилцан сууж байгаад л гэнэт “та мөн хэцүү багш байж билээ. Би нэг ...” гээд л аваад хаяж. Тэгснээ би чинь яаж байнаа, багшийгаа гомдоох юм хийлээ шүү гэж зурсхийгээд л явчихангуут, түгдчин өгүүлбэрээ ч гүйцэд хэлж чадсангүй, аягүй их сандарсан гэдэг. Тэгтэл харин багш маань их л тайвнаар “тиймээ, тийм, хожим шавь нар маань хэлдэг болсон. Би ч ёстой ааш муутай байсан шиг байгаа юм” гэхэд нь мань нөхөр нэг урт амьсгаа авсан гэдэг юм. Багшийгаа сайнаар л дурсаж байхаас өнгөрсөн хойно муулаад байх хүн байдаггүй. Ихэвчлэн бидний өөрсдийн буруутайгаас хааяа яахав бухимдал сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэлгүй загнадаг л байсан байх, гэхдээ шавьдаа мууг хүсэх багш гэж харин байхгүй дээ. Хүний хорвоод янз бүрийн л ааш араншинтай хүн амьдардаг болохоор багш нар ч бас хүн, тэдэнд алдаа оноо аль аль нь л байгаа, гэхдээ харин шавь нарынхаа сурлага, хүмүүжлийн төлөө бол тэд бүгд адилхан л тэмцдэг. Би анх багийн бага сургуульд элсэн орж байлаа. Телевиз, компьютер сураггүй үе, хурга, туглын бэлчээрээс холдож үзээгүй, харандааг анх удаа гартаа барьж үзэж байгаа л нөхөд сургуульд ирж байлаа. Ширээнд зөв суухаас л эхэлж байсан байх. Зарим нэгний маань гэрт ширээ ч байхгүй шүү дээ. Цэрэнбат гээд залуухан багш хүлээн авлаа. Би нилээд урдуур сууж байсан, багшийгаа сайн харна. Эрхий хуруу нь арагшаа аягүй их гээдгэр тэрийг нь их гайхширч харна. Самбар дээр он сар өдөр хурдан бичих гэж, яаж ингэдэг байнаа л гэж бодно. Бид нэг хорин хэдүүлээ л байсан байх. Шинээр орсон хүүхдүүд ихдээд тэр жил анх удаа манай сургууль нэгдүгээр ангийн хоёр бүлэгтэй болж байв. Анги бүр нэг жижиг байшинтай. Багш маань аравдугаар анги төгсөөд л багшилсан хүн. Гэхдээ биднээс өмнө нэг дөрөвдүгээр анги төгсгөчихсөн туршлагатай. Гуравдугаар ангид ороод иртэл багш маань байдаггүй. Тэгсэн цэрэгт татагдаад явчихжээ. Нөгөө ангийн маань багш бид нарт нэг хэсэг үдээс хойш хичээл заав. Доржравдан багш маань бүр дөрөвдүгээр анги төгсөөд багш болж байсан гэж ярьдагсан. Тэгээд шинэ багш ирсэн, Доржравдан багшийг дагалдан хэд хоног ажиллаад биднийг хүлээн авсан. Аравдугаар анги төгссөн залуухан Шаравдорж багш маань хожмоо УБИС төгсөж математикийн багш болсон доо. Харин дөрөвдүгээр ангид аймагт шилжин ирснээр жинхэнэ мэргэжлийн багш Пүрэвдулам багшийн ангид орж билээ. Багш нарын хувьд би их азтай байсан гэж боддог юм. Бага ангид ямар их айхтар эрдэм мэдлэг заах биш, гол нь бидний цаашид суралцах суурь дэвсгэрийг л сайн тавьж өгөн суралцах арга барилд л сургах явдал шүү дээ. Ер нь бага ангидаа л хүүхэд ямар суралцана тэр хэрээр л цааш явдаг нь амьдралаас ажиглагддаг. Хануйн бага сургуулийн залуухан багш нар бидэнтэйгээ чоно тарвага болж тоглоод л, хамтдаа дуулаад л, барилдаж ноцолдоод л, шүлэг унших, хурдан уншлагын тэмцээн зохиогоод л одоо бодоход нас нь ойролцоо болохоор хүүхдийн сэтгэхүйтэй их ойр дөт ажиллаж, тэр хэрээр бидний сурлага, хүмүүжилд сайнаар нөлөөлдөг байсан шиг байгаа юм. Манай бага сургууль төгсөгсдөөс зөвхөн бидний үед гэхэд л ЗХУ, Чехословак, БНАГУ, Япон гээд тэр үедээ их л өрсөлдөөнтэй явдаг байсан орнуудад явж суралцсан нь манай Хануйн бага сургуулийн чансааг илтгэдэг гэж боддог. Пүрэвдулам багш бол мундаг хүн байсныг хамт ажиллаж байсан багш нар ч нотолдог юм билээ. Тэр жил сургуульд орсон аймгийн төвийн багш нарын хүүхдүүд бараг манай ангид цугларчихсан байсан зарим нь бүр долоотой сандраад орчихсон нь ч бас нэг нотолгоо өөрөөр хэлбэл тэрээр аймагтаа хүлээн зөвшөөрөгдсөн сайн багш байсны нотолгоо болов уу. Арав төгсөөд сурлагын дүнгээр жагсаагаад хуваарь авахад багшийн маань шавь нараас долоон хүүхэд гадаадын дээд сургуулийн , дөрвөн хүүхэд дотоодын дээд сургууль, хоёр хүүхэд техниккумын хуваарь тус тус авч байсан нь тухайн үеийн аймгийн дунджаас хамаагүй дээгүүр үзүүлэлт болов уу. Бидний үеийнхнийг илгээлтийн эзэн гэдэг сайхан нэрээр яагаа ч үгүй байхад долдугаар анги төгсөнгүүт хөдөө гаргачихдаг байлаа. Тэр шигшүүрээс тунаж үлдсэн шавь нар нь л ийм амжилт үзүүлж байлаа, хуваарьгүй хүүхэд нэг ч хоцроогүй юмдаг. Мэргэжил мэдлэгтэй, амьдрах ухаантай болох их үйлсийн алсын замд хөтлөн оруулсан бага ангийн багш нараа дурсахад ийм байна. Монголын багш нарын баярын өдрөөр бүх үеийн багш нартаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе!
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax